“ОЮУ ТОЛГОЙ” ХХК БОЛОН “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН УУЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
"ОЮУ ТОЛГОЙ” ХХК БОЛОН "ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН УУЛ УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
"Оюу толгой” ХХК (“Компани”) нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 3 дугаар сарын 17-нд шинэчлэн баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт (“Журмын нэмэлт”)-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг та бүхэн мэдэх билээ.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”)-ноос 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот албан бичгийг Компанид ирүүлсэн.
2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Компанийн Гүйцэтгэх захирал болон ахлах удирдлагын багийн гишүүд ҮЭХ-ний тэргүүлэгч гишүүдийг хүлээн авч уулзаж, тайлбар мэдээлэл хийж, ажилчдын санал гомдлыг өөрийн биеээр сонсож, дээрх албан бичгийн хариуг бичгээр өгөхөөр тохиролцон үр дүнтэй уулзалтыг зохион байгуулсан.
Уг уулзалтаар Компанийн Гүйцэтгэх захирал ҮЭХороотой цаг үеийн байдлаар болон бусад асуудлаар тогтмол уулзалтууд хийж байх санал хүсэлтийг хүлээн авав.
"Дундаж цалин хөлс тооцоолох аргачлал”-д оруулах өөрчлөлттэй холбоотойгоор Ажлын хэсгийг яаралтай зохион байгуулахаар талууд тохиролцов.
Мөн ажилтнуудын санал хүсэлтийг хүлээж авч хариу өгөх нээлттэй сувгийг ОТ Инфо аппликэйшн дээр нээсэн болно. Үүгээр ирүүлсэн санал хүсэлтийг Ажлын хэсгийн хүрээнд авч хэлэлцэх юм.