МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ УРИЛГААР АВСТРАЛИЙН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн холбоо (MEU)-той харилцан туршлага судлах, төлөөлөгч солилцох Санамж бичиг байгуулсан.

Энэ удаад салбарын ҮЭ-ийн холбооноос 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж буй “Тоосыг бүү тогтоо!” уул уурхайн салбарын ажилтнуудын II зөвлөгөөнд оролцохоор Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон салбарын ҮЭ-ийн холбооны Тэргүүлэгч “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын ҮЭ-ийн хорооны дарга М.Бат-Эрдэнэ, “Оюу толгой” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Оюунтунгалаг нар Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга Броди Брункер, Квинсланд мужийн Калайд хөндийн анхан шатны ҮЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Мужийн удирдлагын зөвлөлийн гишүүн Дэвид Виден, ҮЭ-ийн Үндэсний зөвлөлийн Квинсланд мужийг төлөөлсөн гишүүн, “Пик Даунс” анхан шатны ҮЭ-ийн салбар хорооны дарга Жейсон Нүнан, Мужийн зөвлөлийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан гишүүн, “Кавал нуруу”-ны анхан шатны ҮЭ-ийн хорооны төлөөлөгч Ханна Фререйкс нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны уул уурхай, эрчим хүчний салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, ялангуяа уул уурхайн салбарын тоосжилт, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улс болон Австрали улсын ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад талархал илэрхийлэв.

OTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mnOTTU.mn