“ТООСЫГ БҮҮ ТОГТОО“ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН II ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тоосыг бүү тогтоо!” уул уурхайн салбарын ажилтнуудын II зөвлөгөөнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын ажилтнуудын төлөөлөл оролцож, нийт 150-иад хүн хуран чууллаа.
“Тоосыг бүү тогтоо!” зөвлөгөөнийг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир нар албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхий сайдын аж үйлдвэр, эрдэс баялгийн бодлогын зөвлөх Г.Эрдэнэтуяа, Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбат, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир нар мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөнд уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн холбоо (MEU)-ны төлөөлөгчид МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар хүрэлцэн ирж, тус холбооны нарийн бичгийн дарга Броди Брункер илтгэл тавьж, хэлэлцүүлэгт панелистаар оролцсоноороо онцлогтой байлаа.
Үндсэн илтгэлийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж тавьж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний газрын дарга А.Цэнгэлмаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зохицуулагч Т.Ариунаа, Хүний эрхийн үндэсний комиссын Судалгаа, дүн шилжилгээний хэлтсийн ахлах референт Ч.Ариунаа, “Оюу толгой” ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан Л.Алтангэрэл, "Эко Сойл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттогтох нар уул уурхайн салбарын тоосжилтын асуудал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдал, тоосжилтыг бууруулах чиглэлээр ажиллаж буй гадаад дотоодын туршлагууд, тоосжилтын асуудлыг шийдвэрлэх гарц шийдлүүдийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын асуултад хариуллаа.
Хэлэлцүүлгийн модератороор Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, “Бор-Өндөр” УБҮ-т ажиллагсдын ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүх ажиллав.
“Тоосыг бүү тогтоо!” зөвлөгөөнөөр уул уурхайн салбар дахь тоосжилт, түүний дам нөлөөний өнөөгийн нөхцөл байдал, түүнээс үүдсэн мэргэжлээс шалтгаалах өвчлөл, тоосжилтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдох бусад асуудлын талаар хэлэлцэж, зөвлөгөөний зохион байгуулагчид Санамж бичгийн төсөл боловсрууллаа.
Зөвлөгөөнд оролцогчдын үнэ цэнтэй санал, шаардлагуудыг Санамж бичигт тусгах, цаашлаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Хамтын хэлэлцээрээр зохицуулах нь нэн чухал болохыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж онцолсон юм.






























































































































































