ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны “2025 оны Шилдэг үйлдвэрчний эвлэлийн хороо”-гоор шалгарсан Д.Оюунтунгалаг даргатай “Оюу толгой” ХХК-ийн уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хороо, Б.Ганбат даргатай “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Ж.Хүдэр даргатай “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, С.Нарантунгалаг даргатай “Багануур” ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны зүгээс өөрсдийн байгуулсан Хамтын гэрээг танилцууллаа.
Шилдэг хороод бусад ҮЭ-ийн хороодод шинээр байгуулсан хоёр салбарын Хамтын хэлэлцээрийг үндэслэн Хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцах зорилго бүхий тус уулзалтад Улаанбаатар хот болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд оролцсон юм.
Шилдэг хороодын дарга нар Хамтын гэрээгээр ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсэн, цалин хөлсийг нэмэгдүүлсэн гэх мэт чухал асуудлуудыг шийдвэрлэж чадсан талаараа танилцуулсан бөгөөд ҮЭ-ийн шинэ сонгуультнуудын зүгээс шилдэг хороодын туршлагаас суралцах зүйл их байгааг онцолж, асуулт асууж, санал солилцов.


































































































































































