МҮЭХ, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ТАЙ АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчид “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал С.Мөнхсүх, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Золжаргал, Ерөнхий менежер н.Мөнх-Оргил нарыг хүлээн авч уулзаж, үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, ҮЭ-ийн хороодын тогтвортой үйл ажиллагааг хангах асуудлаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооноос дараах асуудлуудад онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллах санал тавив. Үүнд:
ҮЭ-ийн сонгуульт ажилтнуудын эрхийн баталгааг хангах, ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах болон хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хүний эрхийн баталгааг үндсэн компанийн түвшинд адил тэгш хангах тогтолцоог бий болгох;
Туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг үнэлэхдээ хөдөлмөрийн эрхийн хэрэгжилт, хамтын гэрээ, ажилтны эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бодит шалгуур болгон тусгах;
ҮЭ-ийн байгууллагаас гишүүдтэйгээ уулзах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа тайлагнахад тулгарч буй зохион байгуулалтын хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир:
“Гишүүн нэг бүрийн эрх зөрчигдөх ёсгүй. Нэг ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн асуудал ч бидний хувьд анхаарал хандуулж, шийдвэрлүүлэх ёстой чухал асуудал” хэмээн онцолж, ажилтны эрхтэй холбоотой асуудал бүрийг нягтлан судалж, нийгмийн түншлэл, зөвшилцлийн зарчмаар бодитой шийдвэрлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгч А.Дагвадорж, Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Мөнх-Эрдэнэ, МҮЭ-ийн холбооны орон тооны бус дэд Ерөнхийлөгч Б.Алтанхуяг нар оролцов.
“Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд МҮЭ-ийн холбооноос тавьсан саналыг цаашдын хамтын ажиллагаандаа тусган ажиллах бөгөөд туслан гүйцэтгэгч компаниудтай холбоотой асуудлыг нарийвчлан судалж, боломжит шийдлийг хамтран эрэлхийлэхээ илэрхийллээ.
Мөн олон мянган ажилтны эрх ашгийг тогтвортой хамгаалахын тулд хөдөлмөрийн харилцааны тогтолцоог бүх түвшинд эрүүл, зөв ажиллуулах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Талууд уулзалтаар хөндсөн асуудлуудын шийдлийг хамтран тодорхойлж, хэрэгжилтийг ханган дараагийн уулзалтаар эцэслэн баталгаажуулахаар тохиролцов.
Мөн цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангуулахад тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.

































































































































