Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгаар орсон ГОЛ ЗААЛТУУД Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт (2026.07.02) УИХ батлав.
НЭГ. 15-24 насны залуус нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөхгүй байж болно. Мөн хүсвэл энэ хугацааны НДШ нөхөн төлж болно. Дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-24 насны суралцагчид өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
Оюутан, суралцагчийг ажиллуулж байгаа ажил олгогч зөвхөн Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлнө.
Бусдаар оюутан залуус гар дээр авч байгаа цалингаас ямар ч шимтгэл төлөхгүй. Хэрэв НДШ-ээс чөлөөлөгдөх хүсэлтэй бол тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээс өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой.
ХОЁР.Ямар шалтгаанаар ажлаас гарснаас хамаарч, ажилгүйдлийн тэтгэмжийг өөрөөр тогтоодог. Хэрэв ажил олгогчийн саналаар ажлаас гарвал 76 хоногийн, ажилтан өөрийн санаачилгаар ажлаас гарвал 55 хоногийн тэтгэмж авна. Өмнө нь 40 хоног байсныг 55 хоног болгожээ. Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэдэг нь ажилтан эрсдэлийг өөрөө үүсгэсэн гэсэн үг юм. Олон улсын жишгээр ялгаатай тэтгэмж өгдөг байн.
ГУРАВ.Иргэдийн сайн дураараа төлсөн 1 хувь дээр нэмээд Засгийн газар 0.5 хувийн урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд иргэдэд олгоно. Ингэснээр ирэх онд 210 тэрбум төгрөг хуримтлагдана. Энэ эх үүсвэрийг мэргэжлийн, хөрөнгө оруулалтын сан өсгөх боломжтой.
ДӨРӨВ.Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг ахмад настан бүрэн авч чадалгүй нас барвал үр хүүхдэд нь 100 хувь өвлүүлнэ.
ТАВ.Одоо 27 мянган ахмад настан ажил хийж байна. Тэд өндөр насны тэтгэврээ НДС-аас тогтоолгосноос хойш буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас хойш ажил хийвэл өөрийн хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно. Одоогийн хуульд 65-аас дээш настай хүн тэтгэврээ тогтоолгосны дараа ажил хийвэл тэтгэврийн шимтгэл төлөхгүй гэж заажээ.
Гэхдээ үүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, дараах иргэд (Малчид, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжүүд, цэргийн албан тушаалтнууд) хамаарахгүй.
ЗУРГАА.Цаашид суурь тэтгэврийг улсын төсвөөс тавьдаг болно. Суурь тэтгэвэр гэдэг нь тэтгэврийн насанд хүрсэн иргэн бүрд нийгмийн баталгааг нь хангах зорилгоор улсын төсвөөс тогтмол олгох тэтгэврийн үндсэн төрөл юм. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжихийн тулд энэ ойлголтыг хуульчлан нэвтрүүлж байна.
Өмнө нь тэтгэврийг зөвхөн Нийгмийн даатгалын сангаас (НДС) буюу шимтгэл төлөгчдийн мөнгөөр олгодог байсан бол суурь тэтгэврийг улсын төсвөөс гаргана. Ингэхдээ НДШ төлсөн хугацаа, ажилласан жилээс нь хамааруулан ялгавартай тооцно.
Тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголтыг хасаж, үүнийг ажилласан жилээс хамаарсан суурь тэтгэврээр солино. Тэтгэврийн насанд хүрсэн (55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй) болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдэд суурь тэтгэвэр олгоно.
ДОЛОО. Гурван давхаргат тогтолцоонд шилжив. Иргэд зөвхөн нэг эх үүсвэрээс биш, суурь тэтгэвэр дээр нэмээд хувийн нэмэлт тэтгэвэр, хуримтлалын (1хувийн )гэх мэт олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэв.
НАЙМ. 55, 60 насанд хүрсэн эхнэр нөхрийн нэг нь нас барвал үлдсэн эхнэр/нөхөр суурь тэтгэврийн 50 хувийн нэмэгдэл авна. Үүнд цэргийн тэтгэвэр авагчид хамаарна. Энэ хуулийг баталснаар улсын төсөвт НЭГ их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариулав.
ЕС.ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулна. Ажил олгогч ажилтанд хэдий чинээ өндөр цалин өгнө, тэр хэрээр өндөр НДШ төлдөг. Энэ нь цалин нэмэхэд саад болж байв. Иймд ажил олгогчийн төлөх НДШ-ийн дээд хэмжээг заасан.
АРАВ.Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийг цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай нь уялдаатай, шударга болгоно. Одоо дараалсан таван жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттайгаар 10 жилд хүргэнэ.
АРВАН НЭГ. Нийгмийн даатгалд анх удаа даатгуулах иргэдийн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө. Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, тав хүртэл ажилтантай ажил олгогч, ААН-ийн төлөх гурав хүртэл ажилтных нь тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэл хугацаанд чөлөөлнө.
Хэрэв тухайн ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэл хугацаанд чөлөөлнө.
АРВАН ХОЁР. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлнө. Нэгээс илүү байгууллагад хөдөлмөрийн гэрээтэй бол тухай бүрээс нь шимтгэл авдаг байсан. Цаашид ажилтан өөрөө сонгож, зөвхөн нэг гэрээнээсээ шимтгэл төлнө.
АРВАН ГУРАВ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5-2.5 хувь байсныг 0.3-2.2 хувь болгожээ.
АРВАН ДӨРӨВ. Цэргийн тэтгэвэр хэвээр үлдлээ. 45 нас хүрээд цэргийн тэтгэвэр тогтоолгосон хүн ажил хийх бол 8.5 хувь, ажил олгогч 8.5 хувийн шимтгэл тус тус төлнө. Энэ нь бусад салбарын ААН-үүдийн төлдөг НДШ-ээс (11.5-12 хувь) бага юм. ААН талаас харвал ажиллах хүчинтэй болохын сацуу арай бага НДШ төлнө гэсэн үг юм.
АРВАН ТАВ.1979 оноос хойш төрсөн иргэд тэтгэвэр тогтоолгох хоёр аргачлал байв. Нэг нь цалин суурьтай, нөгөө нь нэрийн данс суурьтай. Цаашид хэдэн онд төрснөөс үл хамаарч цалин суурьтай бодолт явагдана. Одоо хамгийн өндөр цалингийн 45 хувиар тэтгэвэр тогтоодог. Хэн илүү удаан ажилласан, тэр хүн илүү өндөр тэтгэвэр тооцуулна. 45 хувийг 87 хувь хүртэл өсгөх боломжтой.









































































































