Сонгуульт ажилтнуудын нэгдсэн хуралдаан амжилттай зохион байгуулагдав
’Оюу Толгой’’ ХХК-ийн УУАҮЭХ-ны ээлжит нэгдсэн хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Тэргүүлэгчдийн зөвлөл болон Хяналтын зөвлөлөөс нийт 20 сонгуульт ажилтан оролцсон бөгөөд хурлын ирц 90 хувьтай байлаа.
Хуралдаанд МЭХГУУ ҮЭХ-ны дарга орлон гүйцэтгэгч А.Дагвадорж оролцон ҮЭ-ийн Хорооны нийт сонгуульт ажилтнууд өнгөрсөн хугацаанд гишүүд ажилтны цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудад Хамтын гэрээгээр тодорхой үр дүнд хүрсэн сайжруулалт хийж сонгуулийн хугацаанд идэвх зүтгэлтэй ажилласан тухай сайшаан, сонгуульт ажилтнуудыг урамшуулав.
ҮЭХ-ны Хяналтын зөвлөлөөс 2025 оны 3 дугаар сард хийгдсэн дотоод хяналтаар илэрсэн зөрчлүүдийг арилгасан талаарх ҮЭХ-ны ирүүлсэн тайланг танилцуулж, санхүү болон үйл ажиллагааны чиглэлээр өгсөн зөвлөмжүүд 71 хувийн үр дүнтэй хэрэгжсэн байгааг онцлон тэмдэглэв. Мөн 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар одоогийн мөрдөгдөж буй журмуудад, тухайлбал санхүүгийн зардлыг илүү тодорхой болгох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар зөвлөмж гарган ажилласан болно.
Нэгдсэн хуралдаанаар Тэргүүлэгчдийн зөвлөл 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, мэдээллийг хэлэлцэж, ололт амжилт, алдаа зөрчлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ хүрээнд ҮЭХ-ны дотоод дүрэм, Хяналтын зөвлөлийн зөвлөмжийн дагуу холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулан, Тэргүүлэгч гишүүд гишүүдэд хүрч ажиллах тэнцвэртэй байдлыг харгалзан тойргийн зохион байгуулалтад өөрчлөлт хийж, цаашдын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, ил тод, хариуцлагатай байлгах зорилт тавин ажиллахаар боллоо.



















































