Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультны улсын анхдугаар зөвөлгөөн
"Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя" ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультны улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордны их танхимд боллоо.
Зөвлөгөөнийг нээж МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир үг хэлж, МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, “Ипотекийн тогтолцоог шинэчилж, “Орон сууцны банк” байгуулан багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудад хүү багатай, урт хугацаатай зээл олгох шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжид нэмэгдүүлнэ. Цалин хөлсний асуудлыг цогцоор нь авч үзэн, нийгмийн үйлчилгээний салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана” гэв.
МУ-ын Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн танилцуулгыг танилцуулж, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх төрөөс баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир нээлтийн үгэндээ: Зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэлийн харилцаа нь уриа, лоозон, бэлэг тэмдэг төдийд биш ажил хэрэгч, хамтын ажиллагаа, үр дүнгээр хэмжигдэх ёстой бөгөөд төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин хөлсөө нэмэгдүүлэх тэмцэл, хөдөлгөөн нь нийгмийн шударга ёсны төлөөх зүй ёсны үйлдэл гэдгийг тодотгов. Мөн улс төрийн талцал хуваагдлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө, хөдөлмөрчдийн шаардлагад нийцүүлэн 2026 оны улсын төсвийг эргэн харж, шийдэмгий, хурдтай арга хэмжээ авахгүй бол бүх нийтийн ажил хаялт зохион байгуулагдах нөхцөл байдал үүсээд байгааг МУ-ын засгийн газар, УИХ-ын гишүүдэд санууллаа. Мөн МҮЭ-ийн холбоо нь гишүүд, хөдөлмөрчдийнхөө нийтлэг эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв. Хөдөлмөрийн харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийн хувиар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул оролцож, нийгмийн түншлэлийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах нийгмийн гурван талт түншлэлийн механизм, хамтын хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгохыг зорьж байгаа. Тухайлбал, цалин, хөлсний бүтцийг илүү оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээр үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлэх нь чухлыг тэрээр онцоллоо.
ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультны улсын анхдугаар зөвлөгөөн МҮЭСТО-ны их танхимд хоёр дахь өдрөө амжилттай болж үргэлжиллээ.
МҮЭ-ийн удирдлагууд анхан шатны ҮЭ-ийн гишүүддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашдын зорилт, бодлогыг танилцуулав.
Үүнээс гадна орон нутгийн ҮЭ-ийн төлөөлөгчид өөрсдийн сайн туршлага, үр дүнтэй санаачилгуудаас хуваалцаж, илтгэл тавилаа.
Зөвлөгөөний төгсгөлд үйлдвэрчний эвлэлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан сонгуульт ажилтнуудыг Төрийн болон МҮЭ Холбооны одон, медалиар шагнаж урамшуулан, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.
Тус зөвөлгөөнд 21 аймаг, Нийслэл, Үйлдвэрлэлийн ҮЭ-ийн Холбоо, Хороодын 450 орчим дарга, идэвхтэн сонгуультны төлөөлөл оролцож байна.