Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад санал оруулах тухай

Мэдээлэл_2025.02.06

Өнөөдөр МҮЭ-ийн Төв Холбооноос Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад санал оруулах тухай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат биечлэн оролцож цаг үеийн мэдээлэл, ажлын тайлан болон иргэдийн татвар, шимтгэл бусад асуудлаар саналаа илэрхийлэн, 21-н аймгийн болон 14-н мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн Холбоонууд, ҮЭ-ийн Хороонуудын төлөөлөлтэй бага, дунд орлоготой иргэд, түүнчлэн ажилтны цалин, амьжиргааны төвшинд шууд нөлөөлж байгаа татвар, хураамж, шимтгэлийг бууруулах, давхардсан татварын бодлого хэрэгжиж байгаа тухай доорх саналуудыг хуулийн төсөлд оруулахаар хэлэлцлээ.

  • Хувь хүний орлогын албан татвар ногдуулах жилийн орлогыг 0-120 сая төгрөгөөс эхэлж байгааг 0-60.0 сая төгрөг хүртэл 5% байх шатлал бий болгох
  • Байгууллагаас олгож байгаа хоол унааны мөнгөнөөс татвар авахгүй байх
  • Орон сууцны татварын хөнгөлөлт урамшууллыг 6.0 сая байгааг нэмэгдүүлэх /10 сая болгох/
  • Хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварыг 100.0 сая төгрөгөөс дээш авах
  • Татварыг шударга төлж байгаа иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг байх /ажилтнууд цалингаас татвар төлөөд аливаа хөнгөлөлт, урамшуулал огт байдаггүй/
  • НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох
  • Одоогоор 50 сая төгрөгөөс дээш НӨАТ-ыг төлж байгаа босгыг нэмэх 200 сая төгрөгөөс дээш татвар төлж байх
  • Эхчүүд, нярай хүүхдийн зориулалттай бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх
  • Импортын бараа бүтээгдэхүүн орлох болон экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэр, үйлчилгээ үзүүлж байгаа, ажлын байрыг нэмэгдүүлж Аж ахуй нэгж байгууллагад тодорхой хэмжээнд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх

МҮЭ-ийн Холбооноос: 2024 оны 10 дугаар сараас хойш Нийгмийн түншлэлийн 3 талт Хороогоор гишүүд ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх тухай МУ-ын Засгийн газарт удаа дараа саналуудаа хүргүүлсэн боловч одоо хүртэл Хороог хуралдуулахгүй, эхлүүлэхгүй байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, иргэд, ажилтнууд тэмцлийн арга хэлбэрт орохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна. Ирэх 7 хоногоос бүх гишүүн байгууллагуудаар тойрч санал шаардлагуудыг аваад улс орон даяар тэмцлийн арга хэлбэр өрнүүлж ажиллах нь зөв байна гэсэн байр суурийг илэрхийллээ.

OTTU.mn